Changing Taiga - Mongolian

ХӨРӨГ

ЭРҮҮЛ МЭНД

Заяа, Улцан нар 20 гаруй насны залуучууд юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос гаралтай Заяа гурван жил хагасын өмнө Итгэл сангийн шугамаар Цагааннуур суманд сайн дурын ажил хийж байхдаа Улцантай танилцжээ. Тэд бие биендээ сэтгэлтэй болж, гэрлэн, Заяа цаатан болсон ажээ. Заяа юу юунаас илүү тайгын хүмүүсийн эрүүл мэндэд санаа зовж байдаг. Тэрээр жирэмсэн эмэгтэйчүүд тогтмол эмчид үзүүлдэггүй бөгөөд тайгын хүүхдүүд Монгол орны бусад хэсэгт төрсөн хүүхдүүдээс биеэр жижиг байдагт санаа зовж байгаа юм. Түүнчлэн цаатнууд хангалттай уураг, төмөр олж авахгүй байгаад тэрээр санаа зовдог. “Цаатнуудын амьжиргааг сайжруулах ажилдаа үүнийг мартаж болохгүй” гэж Заяа ярилаа. Тэрээр цаатнуудын амьжиргааг сайжруулахыг зорьсон төслүүд тайгын хүмүүсийн хэрэгцээг үр дүнтэй хангадаг гэж бодохгүй байна. Заяа, Улцан хоёр цөөн хэдэн цаа бугатай бөгөөд 1-р отгийн бусад өрхийн цаа бугатай нийлүүлэн малладаг ажээ. Зарим цаа буга нь 2011 оны зун доголж байсан боловч Улцаны өгүүлснээр өмнөх жилтэй харьцуулахад цаа бугын эрүүл мэнд нь сайн байгаа ажээ. Цаа бугын үе мөчинд халуун дулаан уур амьсгал муу нөлөөтэй юм. Тэд уг нь хажуу уулын цаадтай, сэрүүвтэр уур амьсгалтай, талын чоноос зайдуу, өмнөх дөрвөн жилд огт бэлчээгээгүй зуслангийн бэлчээр рүүгээ сүргээ тууж очвол сайн гэж

Улцан өгүүлж байна. Гэвч уналганы цөөн цаатай тул тэд хол аялж чадахгүй ажээ. Тэд мөн гадна дотны зочдод сийлбэр зарж олсон орлогоороо амьдардаг учир жуулчдын хувьд очиход амар газар нутаглаж байгаа юм. Улцан 50 цаа бугатай бол хаа хүссэн газраа нүүж чадна гэж байна. “Хэрэв бид уламжлалт арга барилаар ан хийх боломжтой байсан бол жуулчдаас бага хамааралтай болж, амьдрал маань маш сайхан болох байсан” гэж тэрээр өгүүлээд инээмсэглэв. Ер нь хосуудыг гэрлэхэд өөрсдийн сүрэгтэй болоорой гэж хоёр этэр, хоёр манжиг өгдөг ажээ. Хэрэв цаа буга нь эрүүл, нөхцөл нь таатай сайхан байвал сүргийн тоо толгойгоо зургаан жилийн дотор 50 хүргэх боломжтой гэж Улцан өгүүлэв. Таатай сайхан нөхцлүүд гэдэг нь жуулчдаас хол, зэрлэг байгаль дунд, цөөн махчидтай газар бэлчээхийг хэлж байгаа юм. Улцан зургаа, долоон хүч тэнхээтэй цаа бугатай, хоёр, гурван морьтой байхад нэлээд хол нүүж чадна гэж тооцоолж байна. “1998 онд манайх 30 цаатай байсан” гэж Улцан дурслаа. Тэд цаа бугаа онцгой тохиолдолд нядалдаг байжээ. Тэр үед тайгад жуулчид ирдэггүй байсан бөгөөд цаатнууд хол газар отогтой байжээ. Зуны отгууд нь яг Оростой залгаа хилийн дэргэд байдаг байв.

Өнөөдөр хуучин отгуудыг урцны урт модоор нь олж таньж болно. Цаатнууд шинэ отог руу нүүхдээ ийм модоо хаяад нүүдэг байжээ. Тайгын хүмүүс газрын зураг дээр хуучин отгуудаа зааж зурж чадна. Цаатнууд газар өмчлөх албан эрхгүй боловч, энэ газар нутаглаж буй цорын ганц угсаатан учир тусгай эрхтэй гэж боддогоо Улцан өгүүллээ. Цагааннуурын байгаль орчны байцаагч цаатнуудыг сумын засаг захиргаатай хамтран орон нутгийн иргэдийн нөхөрлөл байгуулж, газар болон түүний нөөцөд нэвтэрч, ашиглах боломжоо хангах боломжтой гэж байна. Орон нутгийн иргэдийн нөхөрлөл байгуулснаар тэд жуулчдаас хураамж авч, арилжааны компаниудыг шахах боломжтой. Гэвч орон нутгийн иргэдийн нөхөрлөлийн гишүүн байхын тулд цаатнууд паспорт зэрэг албан ёсны биеийн байцаалттай байх хэрэгтэй. Тайгын хүмүүс паспорт авахаар өргөдөл гаргасан боловч түүнийг авах ажиллагаа нь удаан ажээ. “Бид хавар хүнсээ цуглуулахаар хотод очиход, нуурыг үнэ хаялцуулан хамгийн өндөр үнэ хэлсэнд нь өгнө гэсэн зар байхыг харсан” гэж Заяа өгүүллээ. Энэ нуур нь тэдний намаржааны бэлчээрийн нутагт багтдаг бөгөөд тайгын хүмүүсийн хувьд загасчилдаг чухал ач холбогдолтой нуур гэж тэрээр ярив. “Бид жуулчид нисдэг тэргээр ирээд 30 минут загасчлаад буцахыг харсан, одоо загас багасаж байна” гэж Заяа өгүүлсэн юм.

ШИЛЖИЛТИЙН ДҮР ТӨРХ NO.1 50 //

Made with FlippingBook - Online Brochure Maker